Дэлхийн хамгийн том криптовалют болох Биткоиныг хэн зохион бүтээсэн нь нууц хэвээр байгаа. Хэн нэг Сатоши Накамото хэмээх нэртэй хүн үүний цаана бий гэсэн яриа л байдаг.
Тэгвэл дэлхийн хамгийн баян эрхэм Илон Маск энэ талаар өөрийн таамгийг дэвшүүлжээ. Мягмар гарагт тэр хиймэл оюуны судлаач Лекс Фридмантай нэгэн подкаст ярилцлагад орохдоо энэ талаар ярьсан байна.
“Биткоины гарахаас өмнө бичигдэж байсан санаанууд, түүнийг хэн бичсэнийг харахад ойлгомжтой байх. Олон хүний дундаас Ник Сабо үүнтэй хамгийн их холбоотой. Тэр өөрийгөө Накомото биш гэдэг. Би ч гэсэн түүний мөн эсэхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ биткоины санааг хамгийн их ярьж, бичиж байсан хүн бол тэр юм” гэж Маск ярьжээ.
Ник Сабо нь компьютерын ухаан, криптографийн томоохон судлаач хүн юм.
2008 оны аравдугаар сард биткоиныг анх Сатоши Накомото хэмээх хүний нэрийн өмнөөс зах зээлд гаргаж байжээ. Энэ нэрний цаана хэн байсан нь одоо болтол тодорхойгүй байгаа.
2014 онд хэл судлаач хэсэг эрдэмтэд биткоины техникийн бичиг баримтыг (whitepaper) бусад хүмүүсийн бичсэн онолуудтай харьцуулж шинжээд Накомото байх хамгийн өндөр магадлалтай хүнийг Сабо гэж дүгнэж байжээ.
“Хэл шинжлэлийн талаас Сабогийн бичсэн зүйлс болон биткоины бичиг баримт хоорондоо гайхмаар төстэй. Бусад бүх хүмүүсийн бичсэн зүйлсээс онцгой ялгарч байна” гэж тухайн үед судлаачид дүгнэсэн юм.
Гэсэн хэдий ч Ник Сабо өөрийгөө Накомото биш болохыг олон удаа илэрхийлж байжээ. 1998 онд тэр “bit gold” хэмээх криптовалют зохион бүтээж байсан нь Накомототой холбох бас нэг том шалтгаан болдог.
Илон Маск ярилцлагадаа биткоиныг хэн зохион бүтээсэн нь үнэндээ нэг их чухал биш болохыг бас хэлжээ. Ингэхдээ тэр Уилльям Шекспирийн “Сарнайг юу ч гэж нэрлэсэн үнэр нь анхилуун сайхан хэвээр” хэмээх үгийг эш татсан байна.
Эх сурвалж: https://ikon.mn/n/2f82
Comments